ЧЕХ УЛС СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЦЭСЭД БҮРЭН ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ.
- Ariuka Ariuk
- Oct 20, 2024
- 1 min read

Чехийн эрүүл мэндийн хүрээлэн ерөнхий боловсролын сургуулиудын хоолны цэсэд шалгалт хийжээ. Үүний үр дүнд сургуулийн хоолны цэсийг өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь зарим хоолны газрууд махны хэмжээг багасгасан, хүүхдийн өдөр тутам авах ёстой жимсний оронд чихэрлэг цай, жүүс өгч байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Эрүүл мэндийн газрын дарга Barbora хэлэхдээ Чихэрлэг жүүс, цай зэргийг жимсний оронд өгч байсан нь байж болохгүй зүйл. Мөн давс ихтэй шөлийг байнга хэрэглэх нь анхаарах ёстой бас нэг асуудал гэж мэдэгджээ.

Тиймээс Чехийн эрүүл мэндийн яамнаас шинэчилсэн тогтоол гаргахаар болжээ. Шинэ дүрмээр буурцагт ургамлын хэрэглээг ихэсгэхээс гадна хоолны цэсэнд жимс, хүнсний ногоог түлхүү оруулахыг анхааруулж, ургамлын болон амьтны өөх тосны тэнцвэрийг 1:2 харьцаагаар тохируулан зөвхөн эрүүл ургамлын гаралтай өөх тосыг ашиглах бөгөөд дал модны тос, кокосын тос зэрэг эрүүл бус өөх тосыг бүрэн хоригложээ. Харин уух зүйлсийн цэсээс чихэр, зөгийн бал, сироп, өтгөрүүлсэн жимсний шүүс зэрэг чихэрлэг зүйлсийг хориглосон байна. Эдгээр шинэ удирдамжийг ирэх хичээлийн жилээс эхлэн улс орон даяар мөрдөж эхлэхээр заажээ. Түүнчлэн Чехэд хүүхдийн таргалалт нэмэгдэж байгаа бөгөөд өсвөр насныхны 25 хүртэлх хувь нь илүүдэл жинтэй байгаа нь амьдралын хэв маяг, хүүхдийн хоол тэжээлийн стандартыг хангаж чадахгүй байгаатай шууд холбоотой тул энэ байдлыг өөрчлөхийг бүх нийтэд уриалж байна.
Comments