Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар Украины нийслэл Киевт уулзлаа. Урсула фон дер Ляйен хэлсэн үгэндээ Орос Украины мөргөлдөөн эхэлснээс хойш даруй 2 жил өнгөрч байгааг тэмдэглээд ихэнх Европчууд Украиныг үргэлжлүүлэн дэмжих ёстой гэж үзэж байгаа судалгааг дурджээ. Тодруулбал ЕХ-ны 18 орны иргэдээс түүврийн аргаар 26,000 хүнийг хамруулсан байна.
Украинд үзүүлэх тусламжийн талаарх үзэл бодол улс орон бүрд харилцан адилгүй байна. Шведүүдийн 68 хувь, Даничуудын 59 хувь, Финландчуудын 57 хувь нь тусламжийг үргэлжлүүлэх нь чухал гэж хариулжээ. Харин Унгар, Грек, Румын, Словак зэрэг улсад Украинд үзүүлэх тусламжийг хоёрдогч асуудал гэж хариулжээ. Украинд цэргийн тусламж үзүүлдэг хамгийн том хандивлагч орнууд болох Герман, Польш, Чех зэрэг улсын судалгаанд оролцогчдын санал тэнцүү шахам хуваагдсан бөгөөд өөрсдийн орны эдийн засгийн байдлыг сайн төлөвлөх нь зүйтэй гэж хариулжээ. Энэ нь Европын тариаланчдын бослого болон үнийн өсөлт иргэдийн халаасанд шууд мэдрэгдэж байгааг харуулж байгаа хэрэг юм.
Comments