ТОМ ХОТЫН ЖИЖИГ БАЙШИНГААС ТОД СОНСОГДОХ МОНГОЛ ӨВ
- Ariuka Ariuk
- 2 days ago
- 3 min read
Updated: 21 hours ago
Германд амьдарч буй Монголчууд болон хүүхдүүдэд үндэсний өв соёл, эх хэл, урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нэгэн Төрийн Бус Байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол Дрезден хотын Neustadt-д байрлах ГЭР ТББ юм.

ХБНГУ-ДРЕЗДЕН ХОТ: ФОТО СУРВАЛЖЛАГА
МОНГОЛ
Journas.mn сайт Монгол өв соёлыг түгээгч Гэр ТББ-ыг зорилоо. Бид ХБНГУ-ын Дрезден хотын төв вагон буудал дээр бууж хотын трамбайд дамжин суугаад 10 орчим минутын дараа зорьсон газараа ирлээ.

ШИНЭ ТАНИЛУУД
Энэ байшингийн хоёр давхарт ГЭР ТББ үйл ажиллагаагаа явуулдаг. Бид танилцаж тэдний одоогийн төсөл хөтөлбөрүүд болон өмнө нь зохион байгуулж байсан ажлуудынх нь талаар ярилцсан юм. Гэр ТББ- ыг Монголчууд ажиллуулдаг гэж бодсон минь буруу байжээ.
Үүсгэн байгуулагчдынх нь хоёр Герман улсын иргэд юм байна.

Christian Rahmig
“Гэр ТББ”-ын тэргүүн

Герман улсын иргэн Christian Rahmig нь Дрездений Их Сургуульд төмөр замын дохиололын инженер мэргэжил эзэмшсэн. Анх 2011 онд ирээдүйн төмөр замын тээврийн судалгаа нь бус харин 2009 онд Чехэд танилцсан ирээдүйн эхнэрээ хайрлах сэтгэл нь түүнийг Монголд авчирсан гэж ярьлаа. Кристиан Рахмиг 2015 оноос хойш Монголын төмөр замын тээврийн хөгжилд гар бие оролцсоор байна. Мөн 2019 онд Улаанбаатар хотод “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” сэдвээр Герман-Монголын хамтарсан олон улсын хурлыг зохион байгуулж байсан тухайгаа ярьлаа. Одоо Кристиан Рахмиг Дрезден хотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд 2022 онд Дрездений Монголчууд болон Герман найз нөхөдтэйгөө хамтран Герман-Монголын нийгэмлэг GER e.V. ТББ-ыг үүсгэн байгуулсан байна.

Dr. Hendrik Rohland
Гэр ТББ-ын дэд тэргүүн

Dr. Hendrik Rohland археологич, түүхч мэргэжилтэй бөгөөд 2010 оноос хойш Монгол-Германы Орхон экспедицийн малтлага судалгаанд тогтмол ажиллахаас гадна тусгай аялалын хөтчөөр ажилладаг. Түүнчлэн Хендрик Монголын археологи, түүхийн талаар ном, нийтлэл бичиж, лекц уншиж Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцдог тухайгаа ярьсан юм. Мөн тэрээр Монгол хэлээр маш сайн ярьхаас гадна морин хуур тоглох дуртай.


Г. Чүнсриймятав / Доктор /
Гэр ТББ-ын УЗ-ийн гишүүн

Ганбаатарын Чүнсриймятав нь химич мэргэжилтэй бөгөөд 2013-2025 онуудад ХБНГУ-ын Дрезден хотын Дрездений Техникийн Их Сургуульд “Монгол орны зарим зүйл эмийн ургамлын биологийн идэвхийн болон фитохимийн судалгаа” сэдвүүдээр тус тус докторын дараах эрдэм шинжилгээний ажлууд хийж гүйцэтгэсэн. Одоо Г.Чүнсриймятав нь Дрезден хотод гэр бүлийн хамт амьдардаг. 2022 онд Дрездений Монголчууд болон Монголыг дэмжигч герман найз нөхөдийн хамт Герман-Монголын нийгэмлэг GER e.V. -ийн үүсгэн байгуулагч нарын нэг бөгөөд харилцаа холбоо хариуцсан удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Ц.Батхишиг
Гэр ТББ-н УЗ-ийн гишүүн

Ц.Батхишиг нь Дрезден хотынхоо музейд ажилдаг бөгөөд урлаг судлаач, түүхч мэргэжилтэй. Батхишиг ТББ-ынхаа урлаг соёлын арга хэмжээг дэмжин ажилладаг бөгөөд Монгол Герман хоёр орны соёлын солилцоо, хөгжилд гар бие оролцсоор яваа юм.
МОНГОЛ БҮЖИГ МОНГОЛ ӨВ
Хүүхдүүд үндэсний бүжгийн хичээлдээ идэвхтэй оролцож, Монгол бүжгийн уран гоо хөдөлгөөнийг Энхчимэг багшаасаа суралцаж байна. Энхчимэг багш хүүхдүүдэд Монгол бүжиг заахын сацуу хөгжмийн хэмнэл Монгол бүжгээр дамжуулан Монгол өв соёлыг таниулан түгээж байгаа нь бахархууштай.


МОРИН ХУУРЫН СУРГАЛТ
МУ-ын Ерөнхийлөгчийн Илгээлт 2100 хөтөлбөрийн оюутан Х. Чулуунчимэг хичээлийнхээ хажуугаар морин хуурын хичээлийг Гэр ТББ-ын сургалтын хөтөлбөрт оруулан заадаг. Өөрийн хүсэл сонирхлын дагуу хичээлээ тун урамтай заадаг төдийгүй Монголын арга хэмжээ, соёлын өдөрлөгүүдэд урлагийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож сонорыг мялаадаг байна.



ГЭР БА СОЁЛ
Тэд хүүхдүүдэд Монгол бүжиг, морин хуур, уран бичлэгийн хичээл орохоос гадна Германы сургуулиудад очиж Монгол соёлын өдөрлөгийг зохион байгуулдаг энэ нь ч Герман болон өөр орны хүүхдүүдэд их таалагддаг байна. Мөн ээж нарт зориулсан дээл урлах сургалт болон бусад олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна. Түүнчлэн Монгол соёлыг агуулсан Календарийг бүтээж албан ёсны эрхтэйгээр зураг дизайны шийдлээр хэвлүүлэн худалдаанд гаргадаг байна.




БИД ХАМТ УРАГШИЛНА
Жил бүрийн баяр ёслолоор тус байгууллага Монголын уламжлалт наадам, сар шинийн баяр, хүүхдийн баяр зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг.




Монгол соёлоо түгээн дэлгэрүүлж буй танай хамт олонд амжилт хүсье
Comments