ЕВРЕЙ ГАРАЛТАЙ 669 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН НИКОЛАС ВИНТОНЫ БОДИТ ТҮҮХ
- Ariuka Ariuk
- Apr 4, 2024
- 2 min read

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө Прага хотоос Их Британи руу далай болон төмөр замаар 669 Еврей хүүхдийг тээвэрлэн амь насыг нь аварсан “Николас Винтон”-ны бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Нэг амьдрал” сэтгэл хөдөлгөм кино 2023 онд гарсан. Тэгвэл Anthony Hopkins-н гол дүрд нь тоглосон тус киноны бодит түүхийг уншигч та бүхэнд товч хүргэж байна.

Түүхийн эзэн Николас Винтон 1909.5.19-нд Английн Вест Хэмпст хотод мэндэлсэн бөгөөд түүний эцэг эх нь Еврэй гаралтай байжээ. Тэрээр хөрөнгийн биржийн брокер мэргэжилтэй байсан бөгөөд 1938 онд төрлөх Англи улсаас одоогийн Чех улсад ажлын шугамаар очоод байж. Тэнд Еврейчүүд болон улс төрийн холбогдолтой хүмүүсээр дүүрсэн дүрвэгсдийн хуаранд очиж үзжээ. Үүний дараа 1939 оны 3-р сард дэлхийн 2-р дайн эхлэх нь өнөө маргаашгүй болсон цаг үе, Герман улс Чехословакийг задлахад аюулд хамгийн ихээр Еврей хүүхдүүд хохирох нь тодорхой байв. Тиймээс Николас Винтон хүүхдүүдийг аврах ажиллагааг сайн дураараа явуулахаар сэтгэл шулууджээ. Никлос Винтон нэн даруй хувийн хүүхдийн хэлтэс байгуулж, Чехословакаас дүрвэгсдийн асуудал эрхэлсэн их Британийн хорооны нэрийг ашиглан анх зөвшөөрөлгүйгээр өөрийн байрлаж байсан Прага хотын жижиг зочид буудалдаа эцэг эхчүүдээс хүүхдийг нь аюулгүй байдалд хүргэх тухай өргөдөл авч эхэлжээ. Тэрээр хүүхдүүдийг Чехословакаас Их Британи руу явах тээвэрлэлтийг санхүүжүүлэхийн тулд мөнгө цуглуулж эхэлсэн бөгөөд Их Британийн засгийн газраас шаардсан хүүхэд бүрт 50 фунт стерлингийн баталгаа гаргажээ. Мөн тэрээр дүрвэгсдийн хүүхдүүдийг асрах хүсэлтэй Британи гэр бүлүүдийг олох ёстой байв. Өдрийн цагаар Винтон Хөрөнгийн бирж дээрээ ажиллаж, оройн цагаар аврах ажлаа хийдэг байв. Тэрээр мөнгө цуглуулж, аль болох олон хүүхдийг аюулгүй газар авчрахын тулд асрамжийн газар хайж олоход ихээхэн хүчин чармайлт гаргасан.

Хүүхдүүдийн анхны тээвэрлэлт 1939 оны 3-р сарын 14-нд Германчууд Чехийг эзлэхийн өмнөх өдөр Прага хотоос Лондон руу усан онгоцоор хөдөлсөн байна. Германчууд Чехийн Богеми, Морави мужуудад Протекторат байгуулсны дараа Винтон цааш долоон тээврийг зохион байгуулж, төмөр замаар Прага хотоос Германыг дайран Атлантын далайн эрэг хүртэл, дараа нь усан онгоцоор Английн сувгаар дамжин Их Британид хүрчээ. 1939 оны есдүгээр сарын эхээр Британи Германд дайн зарласнаар аврах ажиллагаа зогссон юм. Винтоны хүчин чармайлтаар аврагдсан хүүхдийн нийт тоо хараахан тодорхой бололгүй нилээдгүй удсан юм.

Түүний хадгалсан тэмдэглэлийн дэвтэрт зохион байгуулсан нийт тээврийн хэрэгслээр 664 хүүхэд Их Британид ирсэн тухай бичээстэй байсан байна. Харин түүний эхнэр Грете нь 1939 онд аврагдсан бүх хүүхдийн зураг, нэрсийн бүрэн жагсаалтыг агуулсан тэмдэглэлийн дэвтрийг 1988 онд олж авснаар аврагдсан хүүхдүүдийн тоо 669 болж батлагджээ. Түүний дараагаар Николас Винтон Израилийн Ерөнхийлөгч асан Эзер Вайзманаас талархлын захидал хүлээн авч, тусгаар тогтносон Чех улсын Прага хотын хүндэт иргэнээр өргөмжлөгджээ. 2003 онд Винтон хүн төрөлхтөнд үзүүлсэн гавьяаныхаа төлөө Хатан хаан II Элизабетаас баатар цол хүртжээ.

Comments