ДЭЛХИЙН ШИЛДЭГ КИНО “THE SHAWSHANK REDEMPTION” 30 ЖИЛ
- Ariuka Ariuk
- May 4, 2024
- 1 min read

“The Shawshank Redemption” кино нь 1982 оны Стивен Кингийн “Шоушенкийн гэтэлгэл” зохиолоос сэдэвлэн Фрэнк Дарабонтын бичиж найруулсан дэлхийн шилдэг драм кино юм. Киноны гол дүрд Tim Robbins, Morgan Freeman, Bob Gunton гэх мэт уран бүтээлчид хамтран тоглосон. Энэ кинонд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн ч эхнэрээ болон түүний амрагийг хөнөөсөн хэргээр Шоушенк мужийн хорих ангид бүх насаар нь хорих ял сонссон банкир Энди Дюфресний тухай өгүүлдэг. Тус бүтээлээр дамжуулан амьдралын алдаа оноо, нөхөрлөл, гэмт хэрэг, үзэн ядалт, тусархаг зан, тууштай байдал гээд хүний бүхий л зан байдлыг харуулсан бүтээл юм.

Бүтсэн түүхийн тухайд 1982 онд Стивен Кингийн бичсэн зохиолын эрхийг 1987 ондФрэнк Дарабонт худалдан авчээ. Гэсэн хэдий ч тэр даруй дэлгэцийн уран бүтээл болоогүй бөгөөд түүний шүүгээнд тус зохиол 5 жил хадгалагдаж эцэст Фрэнк Дарабонт 56 хоногийн хугацаанд кино зохиол болгон бичиж дуусгажээ. Ингээд кино зохиолоо Castle Rock Entertainment-д илгээснээс хойш хоёр долоо хоногийн дараа Дарабонт 1993 оны 1-р сард "Шоушенкийн гэтэлгэл" киног бүтээхэд зориулж 25 сая долларын төсөв авч чадсан байна. Киноны үндсэн зураг авалт 1993 оны 6-р сараас 8-р сар хүртэл явагдсан. Кино зураг бүхэлдээ Охайо мужийн Мэнсфилд хотод нэр бүхий хорих ангид зураг авалтаа хийжээ.

"Шоушенкийн гэтэлгэл" нээлтээ хийсэн даруйдаа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан ч ердөө 16 сая долларын орлого олжээ. Үүний дараа кино шүүмжлэгчдийн ачаар Оскарын долоон номинацид нэр дэвшиж олон улсын кино театрт дахин нээлтээ хийснээр киноны ашиг орлого 73,3 сая ам.долларт хүрч чадсан байна.
Comments