Гадаад харилцааны яам МУ-ын Гадаад бодлого, 2024 оны үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа болон, холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.
2024 онд Монгол Улсын 44,607 иргэн консулын үйлчилгээ авсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад Монгол Улсын 210 мянга орчим иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа 50 Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэддээ мэдээлэл, зөвлөмж түгээх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцааг шуурхай үзүүлэхэд анхааран ажиллаж байна. Түүнчлэн иргэдэд туслах сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 онд 221 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Мөн өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. 2024 онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулсан болно. Харин бүх төрлийн паспорттой гадаадын 66, дипломат, албан паспорттой гадаадын 38 улсын иргэд манай улсад визгүй зорчиж байгааг онцолжээ.
Comments