Сүүлийн 3 жилд гаалийн хууль тогтоомж зөрчсөн байдалд судалгаа хийсэн байна. Судалгаагаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, татвар төлдөг болон татварын бус хязгаарлалттай барааг худал, эсхүл дутуу мэдүүлсэн, огт мэдүүлээгүй зөрчил дийлэнх буюу 43.3 хувийг эзэлж байна. Тухайн зөрчилд холбогдсон иргэд зорчин ирж байгаа орноос дайвар ачаа буюу бусдад дамжуулах ачааг нягталж шалгалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлэн оруулж ирж байна. Бусдад дамжуулах дайвар ачааг өөрийн нэр дээр авчирч, улсын хилээр нэвтэрсэн зорчигч та тухайн ачааг бүрэн хариуцдаг тул энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох өндөр эрсдэлтэй.
Хэрэв та дайвар ачаатай бол хос гарцын шугам нэвтэрч Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал дахь гаалийн газар дээр “улаан гарц”-аар нэвтрэх ёстой, энэ нь гаальд мэдүүлэх бараатай гэдгийг илтгэж байгаа юм. Мөн гаалийн харилцаанд оролцогч иргэд тухайн зорчин ирж байгаа орноосоо хэн нэгний дайвар ачааг авсан тохиолдолд гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн даруйдаа гаалийн улсын байцаагчаас зөвлөгөө авч, тухайн барааг гаалийн хяналт шалгалтад бүрэн хамруулах шаардлагатайг анхаараарай. Энэ нь та өөрийгөө гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.
Comments