БНХАУ-ын төрийн хяналтын аппарат нь дэлхийгээс тусдаа ойлголт гэдгийг та бүгд мэднэ. Хамгийн энгийн жишээ цахим орчинд зөвхөн өөрсдийн WeChat-ыг ашигладаг, бүх ард иргэдэд хяналтын систем үйлчилдэг, дотоод бодлого шийдвэр нь гадаад улс орнуудад хангалттай нээлттэй биш гээд олон зүйл дурдаж болно. Тэгвэл Германы зарим мэдээллийн сайт дээр Хятад улс Германд суралцаж байгаа оюутнуудаа хатуу хянадаг талаар мэдээлэл тавигдлаа.
Тодруулбал CORRECTIV болон Deutsche Welle-ийн судалгаагаар Хятад улсаас тэтгэлгээр Германы их сургуульд суралцаж байгаа оюутнууд өөрийн орны төрд дуулгавартай байж, үнэнч байхыг үүрэг болгосон гэрээнд гарын үсэг зурдаг. Мөн элчин сайдын яам өөрийн оюутнуудаа алхам бүрээ мэдээлэхийг шаарддаг гэжээ. 2023 онд гаргасан Германы Эрдмийн солилцооны албаны (DAAD) тооцоогоор 4000-5000 хятад залуус ХБНГУ-ын тэтгэлгээр Германд суралцсан байна.
Түүнчлэн тэтгэлэгт хамрагдах үндсэн шаардлага бол оюутнууд сургуулиа төгсөөд Хятад руу нэн даруй буцах ёстой. Нөхцөлийг зөрчсөн тохиолдолд өндөр торгууль, хуулийн хариуцлагатай тулгардаг байна. Уг нөхцөл байдалд Германы зарим их сургуулиуд таагүй хандаж Хятад улсаас оюутан элсүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Харин Германы эрдмийн солилцооны албанаас Хятадын улсын элчин сайдын яамнаас мэдээлэл авахыг удаа дараа хүссэн боловч хариу өгдөггүй талаар мөн дурджээ.
Comments