top of page

БОДИТ ТҮҮХЭЭС СЭДЭВЛЭСЭН "CATCH ME IF YOU CAN" УСК


"Чаддаг юм бол намайг бариарай" бүрэн хэмжээний УСК-г 2002 онд Steven Spielberg найруулж, Leonardo Di Caprio болон Tom Hanks нарын гол дүрд нь тоглосон намтарчилсан драм төрлийн кино юм. 19 нас хүрээгүй байхдаа Пан Америкийн авиа компанийн нисгэгч, Жоржиа мужийн эмч, Луизиана мужийн тойргийн прокурор болж жүжиглэн хуурамч чекээр сая сая доллар залилсан Фрэнк Абигнейлийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино юм. Түүний үйлдэж байгаа хэргийн мөрөөр Холбооны Мөрдөх Товчооны ажилтан мөшгөж байгаагаар тус киног сонирхолтой байдлаар бүтээсэн юм.

Киноны зохиолын тухайд бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд өөрийн амьдралын намтрыг бичсэн "Frank Abagnale"-ийн “Ижил нэртэй” номоос сэдэвлэн бүтээжээ. Тодруулбал бодит түүхийн эзэн 1960-аад оны сүүл, 70-аад оны эхээр 16-21 настай байхдаа “Pan American World Airways” компанийн нисгэгчийн дүрд хувирч дэлхийн 26 улс руу 1,000,000 миль зайд үнэ төлбөргүй ниссэн. Мөн хуурамч цалингийн чек гараар хийж банк залилсан, эмч, прокурор гээд хэд хэдэн мэргэжилд хувиран хууль сахиулагчдаас маш чадварлаг зугтаж эцэст нь цагдаа нарт баригдан шүүхээс 12 жилийн ял сонссон тухайгаа номдоо бичсэн байдаг.

Гэвч түүний зарим түүх худал гэж “Catch Me If You Can” кино дэлгэцнээ гарсны дараа үгүйсгэж байжээ. Жишээлбэл Фрэнк Абагнейл Амеркийн Жоржиа мужийн эмч болон прокурорын дүрд хувирсан нь нотлогдоогүй гэж сонин сэтгүүлүүд эх сурвалжтай нийтэлж байсан юм. Харин бодит түүхийн эзэн 2017 оны 11-р сард "Google-ийн яриа" нэвтрүүлэгт оролцохдоо: Би киноны зөвлөх биш. Найруулагч Стивен Спилбергтэй хэзээ ч уулзаж, ярьж байгаагүй, кино зохиолыг ч уншихгүй байхыг илүүд үзсэн. Харин жинхэнэ Абагнейл гэрээсээ зугтсаны дараа дахиж хэзээ ч аавыгаа хараагүй, бусдаар кино миний түүхтэй маш ойр бараг бүх зүйл нь гэж хэлж байжээ.

Энэхүү кино 2002 оны 12-р сарын 25-нд нээлтээ хийж, шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, дэлхий даяар 352 сая долларын ашиг олсон байна. Энэ нь тухайн үеийн маш өндөр амжилт бөгөөд тус кино 52 сая долларын төсвөөр бүтэж байжээ.

Commenti


bottom of page