Парис-2024 Зуны олимп 7 сарын 26-наас 8 сарын 11-ний хооронд үргэлжлэх бөгөөд 329 төрөлд 10500 тамирчин өрсөлдөх юм. Олимпод нийт 206 орны тамирчид өрсөлдөх бол параолимпод 184 орны төлөөлөл оролцох юм. Наадмын үеэр Парис хотод 15 сая гаруй жуулчин ирэх төлөвтэй байгаа бөгөөд бэлтгэл ажлыг сайтар хангаж байгаа юм. Мөн Парисын төв дэх тоглоомын газруудыг олон нийтэд хааж, замын хөдөлгөөнийг хязгаарлах болно гэдгийг хотын захиргаанаас мэдэгдсэн.
Түүнчлэн нээлтийн арга хэмжээ нийслэл хотын төв дундуур Сена мөрний 6 км үргэлжилсэн хэсэгт болох бөгөөд оролцогч улсын шигшээ багууд завиар жагсах юм. Үүнтэй холбоотойгоор Францын аюулгүй байдлын албаныхан нисгэгчгүй онгоцны халдлага гэх мэт орчин үеийн технологи ашигласан аюул заналхийлэлд маш сайн бэлтгэж байгаа гэдгээ мэдэгдлээ. Мөн аюулгүйн үүднээс олимпын нээлтийг бодитоор үзэх үзэгчдийн тоог хязгаарлах хүсэлт гаргасан байна. Анхны төлөвлөгөөгөөр нийт 600,000 иргэнд нээлтийн үнэгүй тасалбар өгөх байсан боловч одоо 300 мянган зочинд л тасалбар очихоор болжээ.
Францын засгийн газар аюулгүй байдлыг хангахад 20 мянга орчим цэрэг, 40 гаруй мянган цагдааг ашиглаж байна. Мөн бусад орны 2000 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх юм. Мөн Францын өмнөд хэсэгт орших Гап хотод Францын цэргүүд олимпын наадмын өмнө аюулгүй байдлын тусгай бэлтгэлд хамрагдсан байна.
Kommentare